Монгол Туургатны Нэгдсэн цахим хуудсанд тавтай морил! Үндэстний үзэл мандан бадраг! Монгол улсын төрийн дууллаа бүрэн төгс сурцгаая.
Өнөөдөр - 2010 оны 3-р сарын 13   
Дэвшилтэд аргаар ном уншиж эхэллээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Удирдагч   
Даваа гариг, 05-10-2009 00:24
Монгол Улсын Үндсэн Хуулинд "Тєрийн байгууллага шашны, сvм хийд улс тєрийн vйл ажиллагаа эрхлэн явуулж болохгvй." хэмээн заасан байдаг. Харамсалтай нь энэ зүйл заалт тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгааг бид өдөр тутмын үйл явдлаас харж болохоор байна. Хэрвээ Монгол улс шинэ парламентын ордон барих болвол шавыг нь тавих ёслолд лам нар гол үүрэг гүйцэтгэх нь тодорхой болоод байна. Тєрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой аливаа нээлт, хаалт, баяр ёслол, уй гашуудалд лам нар үүрэг гүйцэтгэх нь энгийн үзэгдэл боловчиг үндсэн хуульд харшилж байна гэдэгтэй санал нийлэх биз. Христийн сүмийн номлогч наадмаар бөхийн барилдааныг нээж англи хэлээр библи унших үед хэн ч дуртай байхгүй. Улаан хар нөмрөгтөн нарын хэн нь илүү гэдэгтээ байгаан биш, аль нэг шашинг төрийн түвшинд хэт өндөр ач холбогдол өгч авч үзэж түүгээрээ дагнаж байгаа нь өөрөө алдаа болох талтай. Төр шашин хоёр хутгалдах цагт улс хэрхэн доройтдог талаар бид хангалттай их түүхэн туршлагатай улс. Шашин шүтлэгтэй холбогдох зан үйлээр дамжуулж сонгуулийн сурталчилгаа хийж олонд танигдах явдал ихсэж байна. (Жишээлбэл суврага босгох, уул овоо тахих)

Далай лам далдыг хардаг уу?
Саяхан БНХАУ-ын сичуан мужид болсон газар хөдлөлтийг Далай ламтай дотно харилцаатай олний танил нэгэн эрхэм Түвдэд явуулсан хүчирхийлэлтэй холбон тайлбарласан юм. Хятад улсаас Түвдэд явуулсан хүчирхийллийн нүглийг сичуан мужын ард иргэд амсаж байгаа тухай дээрхи мэдээлэлд Далай лам эрс няцаалт өгсөн нь түүнийг мухар сүсэг, хий хоосон таамаглал дэвшүүлж сүсэгтэн олныг мунхруулдаггүйг нотолсон юм. Далай лам далдыг хардаггүй, талийгаачидтай "мэссэжээр" харилцдаггүй гэдгээ олон удаа хэлж байснаар барахгүй хүн төрөлхтөн хэрхэн зөв замаар амьдарч соён гэгээрэх ёстойг номлон тайлбарлагч гэдгээ удаа дараа мэдэгдэж байв. Далай лам Монголд айлчилан ирэхэд түүний гараас үрэл авч эд мөнгөө аривжуулах хүсэлтэй мухар сүсэгт хүмүүс олон байдаг ч түүний хэлсэн үнэн үгийг дагаж мөрдөх хүн цөөн байдаг болой. Далай лам Монголчуудын өмнө тулгараад байгаа эмзэг сэдэв болох архидалтыг зогсооход "хийморийн сан" аль эсвэл "сүлд дуудах" ном уншиж байгаагүй, харин үүнээс гарч болох хамгийн зөв арга хэлж өгсөн боловч бид биелүүлж үл чадав. Архиа бага ууж, Айргаа тааваар уу! Өөр элдэв ном уншуулаад хэрэггүй, ингээд л архи баяртай юм шүү дээ угтаан бол...

Гандан "супермаркет"
Өнөөдөр гандан шашин соёлын төв гэхээсээ илүү бизнесийн шинжтэй газар болон хувирчээ. Ганданд олон төрлийн зүйл борлуулдгаас гадна талийгч нарт мэссэж илгээх, хиймор сэргээх, сүлд сүнс дуудуулах, мөнгө төгрөг аривжуулах, ханийн болон үрийн заяа гуйх, ажил төрөл бүтээх гэх мэт олон асуудлыг шийддэг үйлчилгээ хөгжсөн юм. Гандантэгчэнлин хийд ачааллаа шийдэх менежментийг хэрхэн хийсэн талаар ганц өгүүлбэр өгүүлсү. Өдөрт нэг номыг хэдэн мянган хүн давхардан захиалсан ч дунд нь ганц удаа уншиж "буян" үйлддэг аж. Сүүлд нэвтэрсэн дэвшилтэд үйлчилгээ бол кассан дээр номоо бичүүлээд гэртээ харьсан хойгуур номыг нь уншиж "буян" үйлддэг үйлчилгээ юм. Үүнээс гадна шашин соёлын эд хэрэгсэл борлуулах цэгүүд асар их ашигтай ажилладаг. Бидний хүндэлж гар таталгүй худалдан авдаг хадаг, дарцаг маань урд хөршид бохир орчинд үйлдвэрлэгдэж газраар нэг асгасан байхыг олж үзлээ. Ариун цэврийн цаасыг ч тийм нөхцөлд үйлдвэрлэдэггүй гэдгийг зөөж борлуулж байгаа нөхөд маань эрх биш харсан биз. За тэгээд цөгц, хүрд, хонх, дамар, дарцаг гээд бусад хэрэгсэл урд хөршөөс орж ирдэг. Хятадуудын уланд гишгэгдсэн дарцаг Монголын ариун догшин хэмээх овооны дээр заларч байх нь тэр. Ингээд бодохоор бид хоол хүнсээрээ ч тэр, эд материал бүр цаашлаад шашинаа хүртэл хятадаас хараат байдлаар шүтдэг болж таарах нь. (Хэрэв тэнд энэ чиглэлийн үйлдвэрлэл зогсвол хэсэгтээ зул асааж, хадаг өргөж чадахгүй нь) Дээрхи үзэгдэл зөвхөн гандантэгчэнлин хийдээр хязгаарлагдахгүй байгаа нь харамсалтай.

Дараагийн Далай лам хэн бэ?
БНХАУ-ын засгийн газар далай лам тодруулахад бэлэн гэдгийг Монголчууд бодох л хэрэгтэй асуудал. Монголчуудын зонхилох хэсэг нэгэнт л далай ламыг шүтэж итгэдэг учир дараагийн дүрийг хүлээн зөвшөөрөх өндөр магадлалтай. Харин "дараагийн дүр" түвдээс тодрох тохиолдолд Монголчуудын хүндэт далай лам нь БНХАУ-н иргэншилтэй байх болой. Ер нь Монголчууд маань дуртай газраа дүрд хувилж төрөөд байдаг ламтангуудаас татгалзаж Буддын шашинаа бодит нүдээр харж хэт мухар сүсгээс ангид, номлол ухаарал талаас нь шүтэх нь өөрсдийгөө хүндлэх хамгийн эхний алхам байж болох юм. Далай ламын дараагийн дүр хэн нэгэнд хэрэгтэй л байх, гэвч Монголчуудад оюун санааны тусгаар байдал илүү их хэрэгтэй.

Суврага босгосон хүн буян үйлдэж байна уу эсвэл хүслээ биелүүлэх гэнэн бодолдоо хөтлөгдөв үү?
Миний ойлголтоор суврага, сүм хийдийг шашин соёлын урлагын агуу их бүтээл хэмээн ойлгож, буян гэдгийг хариу нэхэхгүйгээр ач тус хүргэхийг ойлгодог  маань буруу бололтой. Суврага босгохыг буян хэмээн үзэж, сувраганаас шуналын сэтгэлээр гуйлга гуйн залбирах нь ёс заншлын хэмжээнд хүрчээ. Үнэндээ олон арван сая төгрөгөөр суврага босголоо гээд газар доор амьдарч байгаа хүүхэд багачууд гэдэс цатгалан хонодоггүй билээ. Тэнд хүмүүс төрж, тэнд хүүхдүүд өсөж, тэнд хүмүүс үхэж байна. Энэ бол аймшиг, тэр бол айдас. Байгаль дэлхийгээ шүтэж, хайрлах сэтгэл өвөртлөн уул хаданд суварга босгож байгаа нь сайхан хэрэг боловч суварга дээр цугларах хүн цуваа уг бүтээлрүү чанартай чанаргүй архи сүү тос цацаж өнгө үзэмжийг алдагдуулдагаас гадна ойр орчмын газраа бохирдуулж архины шил, ундааны сав, хог хаягдал байгалийн унаган төрхийг алдагдуулж байдаг нь яав ч байгаль дэлхийгээ хайрлах сайхан арга биш гэдэг нь харагдаж байна. Монголчуудад суврага биш эрүүл саруул, боловсролтой ирээдүй хэрэгтэй.
Энэ линкнээс хүмүүс суврага босгоход хэрхэн мөнгөн хандив өргөж байгааг харж болно http://suvraga-2009.co.cc/?page_id=382

Лам нар хариуцлага хүлээдэг үү?
Эмчилгээ хийлгэх шаардлагатай хүнийг "Хиймор нь доройтож, сүнс нь зайлсан байна" гэж оношлоод баахан ном уншиж, эмчилгээ авахад оройтуулж орхисон лам нар ямар ч хариуцлага хүлээдэггүй нь гайхмаар. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай нэгэн эмэгтэйг лам нөхөр "өнөөдөр мэс хөдөлгөвөөс эрлэг юутай учирна" гэж хэлснээс мухар олгой нь дотроо хагарч амиа алдсан байдаг. "Хагацлын үүд нь нээгдсэн байна" гэж хэнэг ч үгүй хариулж суугаа тэдэнд ядаж гандангийн хашааруу бие засчихаад гараа угаах ёстойг зааж сургах цаг ирсэн баймаар. Лам нарын увайгүй үйлдэл, үгнээс болж гэр бүлийн маргаан, хардалт, шашны дарамт, сэтгэл санааны гүн хямрал, дарамтанд орох хүмүүсийн тоо мянгаар тоологдохгүй нь. Лам зурхайчдын тэнэглэл үүгээр дуусаагүй, хурим хийхэд сайн өдөр гээчийг гаргаж замын түгжрэл, оочир дараалал үүсгэж дурлалт хосуудыг хурмын ордонд бухимдуулж, цагаан сараар зурхайн номоо шахах гэж өдөр хоног зөрүүлж телевизээр хэрүүл хийнэ. Хүний амь нас, эрүүл мэндийг мухар сүсгээр хохироох нь нүгэл бус уу? Хамаг амьтны тусын тулд...

Мухар сүсэг буддын шашны үнэн мөн чанарыг үгүй хийж, бизнес хэлбэрлүү уруудсаар байна.
 
Э.Одбаяр
Үзсэн: 282
feed0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх
 
  багасгах | томсгох
 

busy
LAST_UPDATED2
 

Warning: include_once(/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238

Warning: include_once() [function.include]: Failed opening '/hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/lib/php/gk_ie6.php' for inclusion (include_path='.:/hsphere/shared/apache/libexec/php5ext/php') in /hsphere/local/home/orgilmaa/pambaga.net/templates/gk_musictop/index.php on line 238