
Нэгэн баримт. 1211 он Их Монгол Улс Зүрчний Алтан улстай дайтаж эхэлсэн үе. Их цэргийн манлайд одсон Зэв, Гүйгүнэг баатар хоёр Цавчаад давааны бэхлэлтийг хүрэхүй” Зэв өгүүлрүүн: Тэднийг өдөж хөдөлгөн ирүүлэн тэнд соръё” хэмээж харив. “ Зэвийн цэрэг ухарахыг үзээд ...
Хятадын цэргүүд уулыг бүрхэж, хөндийг дүүрэн нэхэж Сюнь-Дэ-Фу-гийн хошууг хүрмэгц Зэв гэдрэг эргэн довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сөнөөж дарав”.
Нэгэн баримт. 1220 он Их Монгол улс хийгээд Сартаул /Хорезм/-ын хооронд 7 жил үргэлжилсэн их дайны эхэн үе. Хорезмын нийслэл Үргэнч хотынхон хэрэм цайзаа бэхэлж, зэр зэвсгээ зэхэн дайны бэлтгэлээ идэхийлэн базааж байхуйд нэгэн өдөр Монгол цэргийн нэгэн анги хотын гадна хүрч ирээд адуу малыг уулгалан олзолж эхлэв. Тэр даруй “хотын хүмүүс, морьт цэрэг явган цэрэг ялгал үгүй цөм хотоос гарч тэрхүү цөөн дайсныг довтлов. Монголчууд ямар нэгэн зэрлэг догшин тоглоомоор тоглож байгаа юм шиг нэг үе уулгалан довтолсноо, ухран ум хумгүй зугтаан одлоо. Тэгээд хотоос “Фарсах” зайтай орших Баги-Хуррамад хүрэхийн алдад гэнэт татарын морьт цэрэг, хэний ч айн сүрдмээр дайчин эрс отооноос гарч хотын цэргүүдийн буцах затыг хаан, тал талаас нь довтлон, эзэнгүй хонин сүрэгт орсон чоно мэт татан хаялаа...шөнө болох үед Хорезмын бараг мянган цэргийг хөсөр унагасан байлаа.
Өгүүлэх нь: Үргэлж дайсагнагч улсуудын хүрээлэлд оршиж асан монголчууд дайны талбарт хүн хүчээр олон дахин давуу дайснаа номхотгон дарах цэргийн тактикийн өвөрмөц, шинэлэг олон аргыг боловсруулан хэрэглэж байсан нь дундад эртний тэр нэгэн цагт хүчирхэгжин мандахын нэг үндэс болж, дэлхий дахины цэргийн урлагын хөгжилд хүчтэй түлхэц өгсөн билээ. Тэдгээрийн нэг нь “Монголын нууц товчоо” болон бусад сурвалжид “Өдөх” “Өдөж хөдөлгөх” хэмээн тэмдэглэгдсэн арга болой.
Гучин зургаат тайлбар тольд “ Дайсныг аргалан авч ирэхүйг өдөөмүй хэмээхүй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “ Өдөх” буюу”Өдөж хөдөлгөх” гэдэг нь тулалдаж байгаад өөрийн эрхгүй хүчинд автаж сарнин дутаах мэт дүр эсгэн дайсныг анх эзэлсэн ашигтай байрлалаас нь хөдөлгөж, төлөвлөж бэлтгэсэн тактикийг нь өөрчлөхөд хүргэн байлдааны журам, жагсаалынх нь эмх цэгцийг эвдэж, хүчийг нь тарамдуулж байгаад отоонд оруулж бүслэн авч хэсэглэн тасалж цохих арга юм. Өрнийн заншлаач Плано Карпини ламтан “Монголчуудын түүх”-дээ”Тэд өрсөлдөх дайснаа үзмэгц дөхөж очоод хүн бүр гурав дөрвөн сум тавиад дийлмээргүй байхул өөрийнхөн рүүгээ эргэж дутаах ажгуу. Энэ нь дайснаа нэхүүлэн отооныхоо газар авчирах гэсэн арга юм гэдгийг мэдвэл зохино” хэмээн сэрэмжлүүлсэн байдаг.
Гэвч Монголчууд тийн хуурмагаар ухран зугтаадаг гэдгийг нь мэддэг хүнд сэжиг үл төрүүлэхээр уран арга хэрэглэж үнэхээр амь зулбах мэт алт эрдэнэс, зэр зэвсэг, агт морь юу байдгаа орхин одож дайснаа төөрөгдүүлэн мэхэлж чаддаг байж. Харин үнэхээр ухран зайлах болбол тал тал тийш тархан, дайсан бол өдөж хөдөлгөх үед дайснаасаа хараа бараа үл тасран үе үе өдөөн хатгалдаж омогшуулан эрэмшүүлэхийг эрмэлздэг байснаараа онцлог
Сурвалжуудад бичсэнийг үзэхүл “Өдөж хөдөлгөх” аргын хэрэглэсэн байлдаан гурван үе шаттай байсан байна. Үүнд:
Нэгдүгээрт: Өдөх буюу байлдааны ажилгааг эхлэх үе. Энэ үед их цэргийн гол хүч, ашигтай газар сонгон отолт хийж үлдээд, харьцангуй бага хүчтэй манлай цэрэг тулалдаанд орно. Хожим нь /XVI-XVII зууны үеэс/ дайсныг ийнхүү өдөж хөдөлгөх үүрэг гүйцэтгэхээр тусгайлан томилогдсон цэргийг “Өдөөх цэрэг” хэмээн нэрлэх болсон байна.
Ийнхүү хатгалдан байхдаа “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэнчлэн “Нохой хэрэл эхрэх” юмуу эсвэл “Хар татаарын хэргийн товч” хэмээх хятад сурвалжид тэмдэглэсэнчлэн “дайсан бутарвал бутарч, бөөгнөрвөл бөөгнөрөөд... заримдаа холдон, заримдаа ойртон, заримдаа олон, заримдаа цөөн болж, заримдаа ил гарч, заримдаа далд орж явдаг ажээ.
Тийнхүү манлай цэрэг дайсныхаа бөөгнөрсөн цул хүчийг явдал дундаа бутарган салгаж сарниан цуцаасаар гол хүчнийхээ отон бүгсэн газар авч ирнэ.
Гуравдугаарт: Отоонд оруулан шийдвэлэх цохилт хийх үе. Төгсөлтийн энэ шатанд дайсныхаа ухрах замыг хааж тал талаас нь бүслэн аваад цувран тарамдсан цэргийг нь хэрэглэн таслаж, “Нуман түлхүүр” ,”Нүүц хатгаа” , “Нүүр дээрээс нь асгах” гэх нь ч юмуу тактикийн олон аргыг хэрэглэж бут цохидог.
Монгол цэрэг “Өдөж хөдөлгөх” аргыг хэрэглэхдээ тухайн газар орон, цаг улиралын хийгээд байлдааны цагийн байдалд зохицуулан өвөрмөц маягаар зохион байгуулдаг байсан байна.
Нэгэнт баримт: Чингис хааны 1209 онд Тангуудыг дайлж нийслэл Чжүнсинийг эзлэхээр довтлох үед Тангудын хаан Аиньцюаны төрөл Веймин мингүн 50 мянган цэрэгтэй тосон байлдаж довтолгооныг зогсоосон билээ. Хоёр талын цэргйин хүчин тэнцэж хэн хэнээ үл дийлэн нэгэн газраа эсрэгцэлдэн зогссоор 2 сар болоход аль аль нь нөгөө талын үйл ажилгааг тандан хянаж, фронтын байдал хүчний харьцаанд өөрчлөлт оруулж үл чадан нэгэн хэвийн тулалдааныг хийснээр аль алиныхаа байлдах арга хэлбэрт нэг ёсондоо “ижил дасал” болж эхэлжээ.
Харин Чингис хаан энэ завсар дайсандаа мэдэгдэхгүйгээр шинэ сэргэг хүч татан хуралдуулж байсан агаад нэгэн өдөр урьдын адил харьцангуй бага хүчээр тандгуудын цэргийг дайран хатгалдаж байснаа ухарч эхэлжээ.тэгмэгц “Тангудын цэрэг мөр даран хөөсөөр амжилтандаа толгой эргэн хамгаа мартаж байлдсаар байхад Монголчууд урьд бэлтгэсэн ёсоор хоморгондоо оруулан авч бүр мөсөн бутниргэжээ”
Өгүүлэх нь: Энэ мэт дайснаа нэгэн хэвийн ажилгаанд дасгаж осол сул болгоод бэлтгэлгүй үед нь гэнэт дайраат бут цохихыг нь монголчууд хожим нь “ Ацат болгох” хэмээн нэрлэх билээ.
Өдөж хөдөлгөх аргыг хэрэглэсэн байлдаануудаас ажихад манлай цэрэг дайснаа өдөөн хөдөлгөж отоонд аврах хугацаа харилцан өөр өөр байх бөгөөд хуурмагаар тийнхүү хэдий хэр удаан дутаах нь эн тэргүүнд дайсны хүч хэдий хэр задран бутарч, эмх замбараа нь хэр зэрэг алдагдаж, хүн хүч, агт морьд нь хэр цуцаж байна гэдгээс гадна шийдвэрлэх тулалдаан хийх ашигтай газар орон хаа байна шалтгаалдаг байжээ.
Нэгэн баримт: 1223 оны 5 дугаар сард Зэв, Сүбээдэйн захирсан тусгай замын хоёр түм гаруй цэрэг Орос-Кибчагийн нэгдсэн найман түмэн / зарим түүхэнд Орос цэрэг 8 түм, Кибчаг цэрэг 5 түм, нийт 13 түм байсан ч гэсэн байдаг/ цэрэгтэй тулалдахдаа багаахан хүчтэй манлай цэргээр өдөж хөдөлгөөд 8 хоног буруулан дутаажээ. Эл хугацаанд монголчуудыг хялбархан дийлж байна хэмээн сэтгэсэн Галиц, Чернигов, Волынь, Киевийн вангууд харилцан ажиллагаа бүү хэл, холбооо ч барихаа больж бие биенээсээ тасархай байдалтайгаар монголчуудыг мөшгин мөрдөхдөө тэдний албаар гээж орхисон эд агуурсыг нь олзлолдон сатаарч омогшин тайвшрах болов.
Ийнхүү Орос, Кибчаг цэргийн нэгдсэн удирдлага харилцан ажиллагаа бүрэн алдагдаж, найман түмэн цэрэг нь тус бүр явган цэрэг голдуу хоёр түмээс илүүгүй хүнтэй 4-5 хэсэг болон салж хүч нь тарамдсанаар тэдгээрийг тус тусд цохих нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл монголчудын хувьд тэдгээр саланги хэсгүүдийн аль нэгэнтэй нь харицуулахад хүний тоогоор дутахгүйгээр барахгүй, дан морьт цэрэг учир цохилтын хурд, хүчээр илт давамгайлах боломж бий болсон байна.
Тийнхүү Орос Кибчагийн их цэрэг Кибчагийн талд орших Калка / одоогийн Калүьчикгол/ голыг гаталмагц 1223 оны 5 дугаар сарын 31-нд Зэв, Сүбээдэйн цэрэг шийдвэрлэх тулалдаанд үлэмж хүчтэй асан дайснаа ахар богино хугацаанд /3 хоногийн дотор/ хиар цохижээ. Клака голын тулалдаан хэмээн түүхэнд алдаршсан энэ тулалдаанд орос, кибчагийн олон арван мянган /зарим түүхэнд 70 орчим мянга ч гэдэг/ цэрэг эрсдэж, Киевийн вант улсын цэргээс аравны нэг нь л амьд гарсан гэдэг.
Өгүүлэх нь: Монгол цэргийн хийгээд тэр үеийн аль ч улсын цэргийн тактикийн бусад аргатай харьцуулахад “Өдөж хөлгөх” аргын гол онцлог шинж нь тухайн байлдааны ажиллагаанд хамрагдан өртөх орон зайн хувьсангуй их хэмжээ юм. Өөрөөр хэлбэл нэгэн удаагийн байлдаанд тухайн цагийн байдалаас шалгаалж нэгэн өдөрчийнхөөс эхлээд араваад өдөрчийн ч газар хамрагдаж болзошгүй байдаг.
Өдөж хөдөлгөх нь цэргийн тактикийн хэлбэрийн хувьд дан морьт цэргийн хурд, хөдөлгөөнт чанар хийгээд цэргийн ов мэх, гэнэтийн ажиллагааны зарчимд тулгуурласан маневрын тактикийн өвөрмөц нэгэн арга юм. Уг аргыг хэрэглэх үед зохион байгуулдаг байлдааны журмын гол бүрэлдэхүүн хэсэг нь бол хүчнээс дайсныг отуулж гаргадаг бэлтгэл цэрэг байлаа. Өрнөдийн цэргийн урлагын түүхнээ бэлтгэлийн цэргийг анх Юлий Цезарь аргын тооллын өмнөх 48 онд Фарселийн тулалдаанд санаачлан хэрэглэж их ялалт байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл монголчууд түүнээс өмнө, Хүннүгийн Модун сайн хааны хэрэглэж асан эл “ Өдөж хөдөлгөх” арга нь бэлтгэл цэргийг ашиглаж байсан сонгомол жишээ юм.
Тэгээд ч Европынхон XIII зуун гэхэд хэвшмэл нэгэн газар бүхий байлдааны журамдаа захирагдан бэлтгэл цэрэг гаргахаа огт больсон байсан билээ. Харин 1380 онд Донын Дмитрий ван Куликийн талд Мамайн цэрэгтэй тулалдахдаа монголчуудын жишгээр анх бэлтгэх цэрэг гаргасан нь их ялалт байгуулахынх нь үндэс болж орос цэргийн тактикийн хөгжилд нь чухал түлхэц өгсөн гэж үздэг.
Орчин үеийн цэргийн тактикийг тодорхойлох нэг гол хүчин зүйл нь маневр буюу шилжин хувьсах хөдөлгөөн. Тэгвэл XIII зууны үеийн монгол цэргийн бүхий л тактикийн үндэс нь мөн дан морьт цэргийн хурд хөдөлгөөнд зохицон хувьсах хөдөлгөөн бөйсан нь тэр үеийн цэргийн урлагын хөгжилд хүчтэй түлхэц өгсөн шинэлэг зүйл байлаа. Түүний нэг сонгодог жишээ нь монгол цэргийн эл “Өдөж хөдөлгөх” арга байв.
Эх сурвалж: “Чингис хааны цэргийн тухай өгүүлэл”