
1930-аад оны хэлмэгдлээр монголын урдаа барьдаг сэхээтнүүд устгагдаж, ЗХУ-д Рабфак буюу ажилчны факультет хэмээх сургуулиар хагас дутуу боловсрол эзэмшсэн хүмүүс улс орны удирдлагад олноор гарсанаар улс орны хөгжлийг хурдасгахад шийдвэртэй нөлөөлж чадахгүй, хөгжил удааширч, зарим нэг завхралууд гарч байсан бол 1950-аад оны үед дээд боловсролтой, улс үндсээ хөгжүүлье гэсэн сэтгэл зүтгэлтэй үндэсний сэхээтнүүд төрөн гарч эхэлсэн болно.
Энэ үе буюу 1950-иад оны дундуур монголын бүтээлч сэхээтний төлөвшилтийн үе эхэлж, улс орны тэр үеийн хөгжлийн явцад бодит дүгнэлт хийж, монгол орныхоо хөгжлийг яаж хурдасгах, дэлхийн хөгжлийн энд яаж хүргэх вэ, яаж ЗХУ ба Хятад гэсэн хоёр их гүрэнтэйгээ эрх тэгш хөршийн харилцаа тогтоох вэ гэдгийг тунгаан бодож, санал бодлоо ярьж хэлж эхэлсэн билээ.
Гэтэл тэр үед улс орныг хөгжүүлэх ажлыг удирдан чиглүүлж байсан ганц хүч болох МАХН, түүний удирдагчид олон улсын хөгжлийн хадлагыг ухаарах чадваргүй, шинээр сэтгэж, улс орныхоо хөгжлийг ондоогоор харсан гишүүдийн үгийг хүлээж авах сэхээ, сонирхолгүй байснаар шинээр гарч ирсэн шинэ санаа, бодол, шудрага шүүмжлэлүүдийг хайр найргүй нухчин дарж, “сэхээтний төөрөгдөл” хэмээх нэгэн хэлмэгдэлийг бий болгож МАХН-ын Төв Хорооны Улс Төрйин Товчооны 1956 оны 12-р сарын 5-ны өдрийн 413-р тогтоолоор баталгаажсан байна.
1950-1960 оны үед улс орны маань гадаад дотоод байдал ямар байсан талаар товч өгүүлье. Энэ үе бол дэлхийн 2-р дайны дараа коммунист үзэл, онолын баримжаа бүхий хэсэг улс бий болж социалист лагерь хэмээн нэрлэгдэх болсоноор дэлхий ертөнц сөргөлдөн тэмцэлдсэн 2 өөр бүлэглэлд хуваагдан байв. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэл түгээмэл хүчтэй өрнөснөөр колоний тогтолцоо задран унав.
Дайнаас гарсан болон тусгаар тогтнолоо олсон улсуудад өөр өөрийн дэглэмээ тогтоохын төлөө 2 лагерийн толгой гүрнүүд тэлцэлдсэн, түүхэнд “Хүйтэн дайны үе” гэж тэмдэглэгдсэн тэмцлийн эд өрнөлийн үе байв. Энэ үе нь хоёр системийн аль давуугаа харуулахын төлөө өрсөлдсөн шинжлэх ухаан, техникийн дэвшил, гайхамшигт нээлтүүдийн тэсрэлтийн үе байлаа. 1949 онд Хятадад хувьсгал ялж, коммунис хүрээллийн дунд орших болж, монгол улс цэрэг армиа татан буулгаж, хилийн цэргээ тарааж, хил хамгаалах бүх хэрэгсэлээ тараан бусниулсан байна.
Мөн урд хойд хоёр хөрштэйгөө төмөр замаар холбогдож, шинэ залуу социалист орнуудтай ахан дүүгийн холбоо тогтоосноор монголчууд бид харьцангуй хол харж, юм үзэж нүд тайлсан үе байв.
Улаанбаатар хотод УИД, зочид буудал, “Энхтайвны” гүүр зэрэг барилга байгууламжууд Хятадын тусламжтайгаар баригдан босч монголчуудыг гайхуулж, Зөвлөлт гүрнийг сандрахад хүргэв.
Энэ үеэс эхлэн манайд 2 том гүрний нэгэн маягийн өрсөлдөөн эхэлж, Зөвлөлтийн 40 Мянгатын (40 мянган м2 ашигтай талбайтай) орон сууцны хороолол барьж эхлэхэд, хятадууд 50 мянгатыг гэх мэтээр Улаанбаатар хот маань өнгө төрхөө өөрчилж байв. Үүнээс гадна ноосон нэхмэлийн үйлдвэр, шаазангийн үйлдвэр, шүдэнзний үйлдвэр зэрэг том том үйлдвэр баригдаж байв.
Мөн боловсон хүчин бэлтгэх, сургах ажил ч гэсэн хойд, урд, барууны социалист орнуудад явагддаг болов.
ЗХУ-д дайны дараах сэргээн босголт, социалист бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, гол хүчин чармайлтаа “Даян дэлхийн коммунизмийн төгс ялалтыг хангахын төлөө” зориулж, энэ бодлогын нэгэн хэсэг болох, монгол орон, “Хоцрогдсон орон, ялсан пролетарийн орны тусламжтайгаар капитализмыг алгасч, социализмд орж болно” гэсэн Лениний онолыг батлагч амьд үзүүлэн буюу туршилтын туулай болж байсан учраас, зөвлөлтийн эгэл жирийн сэтгэл зоригоор бус, төрийн бодлогын хэмжээнд монголыг хөгжүүлэх бодлого явуулж байсан.
1949 оноос мал өсгөх улсын төлөвлөгөөг хууль ёсоор тогтоож, “Албан татвар, бэлтгэлийн бүх ноогдлыг аж ахуйд бэлэн байгаа малын тоонд биш, харин улсын төлөвлөгө ёсоор байвал зохих малын тоонд жил бүр оногдуулан тогтоох болсон” явдал нь малчидад хүнд цохилт болж, байхгүй малын ноос төлөөд эсгий хийх ноосгүй, сүү сааль, мал махыг нь тушаачихаад гутал хувцас, тоноглол хийх юмгүй болж, хэрэв эдгээр зүйлүүдийг тушааж чадахгүй бол малчид өрөнд ордог байв.
“1954 оны байдлаар урьд онуудын үлдэгдэл өр 9000 гаруй тонн мах, 4500 орчим тонн ноос, 700 гаруй тонн өөх тосны бэлтгэлийн үнэ 14 сая төгрөг, мал аж ахуйн албан татварын дутуу 6 сая төгрөгийг хүчингүй болгожээ” гэж Д.Бямбасүрэнгийн “Үүрийн жавар” номонд баримт дурдсан байдаг. (Энэ үед Хэнтий аймгийн Биндэр сумын дунд сургуулийн сурагч байхдаа, сумын хөдөлмөрчдийн цуглаан гадаа болж, ийм өртэй байсан хүмүүсийн өрийг хүчингүй болгосон нам засагтаа баярлаж талархаснаа илэрхийлж байсныг би санадаг юм)
Улсын бэлтгэлд тушаагдаж байсан эдгээр ХАА-н бүтээгдэхүүнүүдийг ЗХУ-д өгдөг байсан бөгөөд тэдгээрийн үнэ маш хямд байсан.
“Монгол улс дотооддоо 1 төгрөгийн үнэтэй бараагаа зөвлөлтөд 76 мөнгөөр худалдаад, 1 төгрөгөөр авчирсан бараагаа 2 төгрөг 34 мөнгөөр дотооддоо (малчиддаа) борлуулж байсан. ЗХУ дотооддоо 1 рублийн үнэтэй барааг монголоос ердөө 1 руб. 56 копейкоор авдаг” байсан байна. (Совдын Баатар “Эх орончид ба Ю.Цэдэнбал”). Элчин сайд Иванов, нөхөр Сталины бас нэг хүсэлтийг дамжууллаа. Мах бэлтгэлээ 2 дахин нэмэгдүүлээч гэсэн байна. 60 мянган тонн байсныг 120 мянган тонн болго гэсэн байна гэж Х.Чойбалсангийн хэлсэнийг Ш.Надировын “Ю.Цэдэнбал 1997” номонд бичжээ. Энэ нь тэр үедээ бүх эх мал, хурга ишгээ нядлаад хүрэх аргагүй байжээ. Тухайн үеийн үйл явдлууд гадаад дотоодын байдал иймэрхүү үед болж өнгөрсөн байна.
Тэр үеийн сэхээтнүүдийн санаа бодол, уур амьсгал, түүнд МАХН-аас яаж хандаж, тэр үзэл бодол, уур амьсгалыг дарахын тулд МХЗЭ-ийн 1-р нарийн бичгийн дарга Н.Дангаасүрэнгийн өрөөнд болсон нэгэн үйл явдлыг дурьдвал:
1956 оны 11-р сарын 13-нд МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Д. Дамба Улс Төрийн Товчооны гишүүн, их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу нар гэнэт Н.Дангаасүрэнгийн өрөөнд аппаратын ажилтнуудыг нь цуглуулж, улс орны хөгжлийн талаар санал бодлоо ярихыг уриалжээ. Тэнд ажилтнуудын ярьсаныг товч дурдвал:
- Лувсанцэрэн: “...аж үйлдвэр маш их хоцрогдсоныг анхаарч тэргүүний орон болох шийдвэртэй алхамд орууштай”
- Дашдондог: “...Совмонгол металл зэргээр дамжин эрдэс баялагаа түүхий хэвээр гарган, өөртөө боловсруулахгүй байгаагаас олигтой орлого алга байна...”
- Балдорж: “...МАА-хаа бүтээгдэхүүнийг өөрсөдөө бүрэн боловсруулмаар байна...”
- Балчинжав: “...аль ашигтай оронтой худалдаа хиймээр байна...” ганц Оросыг шүтээд суугаад баймааргүй байна. Улс орон түргэн хөгжихөд эдийн засаг, худалдаа хоёроо идэвхжүүлж ард түмнийхээ амьдралыг Европын орнуудын түвшинд хүргэн татъя л даа.
- Жамц: “...Гадаадаас бэлэн юм авахын оронд тоног төхөөрөмж түлхүү оруулан өөрсдөө аль болох үйлдвэрлэл явуулмаар байна...” гэх зэргээр ярьж тэр үеийн тэргүүний сэхээтнүүдийн санаа бодлыг тусгажээ гэж хэлж болно.
Эдгээр хүмүүсийн ярьсныг Д.Дамба нэг хүнээр тэмдэглүүлж аваад явсан нь одоо МАХН-ын Төв Хорооны архивт хадгалагдаж байна.
1956 оны эцсээр МАХН-ын Улс Төрийн Товчооны гишүүд сэхээтний санал бодлыг сонсох ажлыг ийнхүү санаачлан, Төв Хорооны удирдлагууд зохион байгуулалттай явж их сургуулийн багш нар, хүрээлэнгийн эрдэмтэд, Улсын төлөвлөгөөний комисс, Намын түүхийн институт зэрэг газруудын ажилтнуудын саналыг сонсч явсаны нэг нь энэ байжээ.
Сэхээтнүүд маань ч Намын удирдлага маань “Бидны саналыг сонсож, ажил үйлэндээ тусган, эх орныхоо хөгжилд санаа тавьж байна.” Гэж гэнэхэн бодож, санасан бодсоноо чөлөөтэй уудалж байлаа. Ингэж хэлж ярьсанаараа өөрсдийнхөө толгойд булуу хурааж байна гэдгээ ухаараагүй байв. Ингэж МАХН улс орны тэргүүний сэтгэгч улс орныхоо цаашдын хөгжлийн төлөө санаа тавигч сэхээтнүүдээ гэнэдүүлэн нухчин дарах ажиллагааг явуулсан юм.
“Дангаасүрэн МХЗЭ-ийн Төв Хорооны 1-р нарийн бичгийн даргийн хувьд Улсын Их Сургуулийн залуу багш нарыг дуудан ирүүлж, өөрийн улс орны хөгжлийн төвшиний талаартэргүүний хөгжилтэй орнуудаас шинжлэх ухаан, техникийн хувьд юугаар хоцорч байгаа, тэр хоцрогдолыг нөхөн гүйцэтгэхийн тулд чухам юу хийх хэрэгтэй талаар асуулт тавьж, энэ бүхнийг шийдэхэд манай физикчид, химичид, биологичид, техникийн ухааны хүчин чармайлт чухал байна гэдгийг анхааруулаад тэднийг үйлдвэрүүдээр явуулж танилцуулаад саналыг нь сонсч байжээ. Эх орноо хөгжүүлэхийн төлөө байсан энэ санаа санаачлага нь түүнийг нууцаар хардан мөрдөхийн үндэс шалтаг болж байжээ. Улс төрийн товчоо нэг шөнө МХЗЭ-ийн сургууль, пионерийн хэлтсийн эрхлэгч Жамцыг дуудан аваачиж, “Дангаасүрэн чухам юу хийж байгааг ярь” гэжээ МАХН-ын Төв Хорооны архивт одоо хадгалагдаж байгаа Улс Төрийн Товчооны гишүүдийн асуултанд Жамцын хариулсан ярианы хуулбарт: Дангаасүрэн аймгуудыг томсгох хэрэгтэй, манай үйлдвэр, САА-д хөдөлмөрийн бүтээмж муу, арвилан хэмнэлт ихээхэн доголдолтой, САА тариа будааг ихээр хаяж байна... гэж биднийг цуглуулан саяхан ярьж байсан. Хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд ажиллаж байгаа монголчууд ямар ч эрх мэдэлгүй байна. Үйлдвэрүүдэд их сургуулийн багш, аспирантуудыг явуулж шалгуулсан. 30 жилийн өмнөх савангийн найруулга одоо хүртэл хэвээр байна гэж Их сургуулийн Р.Зориг ярьж байсан.” Гэх зэргээр ярьсан байна.
1930-аад оны сүүлчээр Улс төрийн хэрэгт хилсээр холбогдсон хохирогсодын “хэрэг” гэгчид нэгийг нь нөгөөгөөр нь гэрчлүүлсэн зохиомол мэдүүлэг байдаг нь Жамцаас асууж бүрдүүлсэн материал нь дээрх аргын үргэлжлэл мөн байлаа.
1956 оны 12-р сарын 4-ний шөнө Дангаасүрэнг Улс Төрийн Товчооны хуралд дуудан аваачиж, улс орноо хөгжүүлэх өөрийн бодлогыг ярьж өг гэжээ. Ингэж яриулж байгаа нь ямар учиртайг хардаж сэрдээгүй, эх орны ирээдүй хувь заяаны төлөө санаа зовж яваа болохоор Нам төрийн удирдлагаас илэн далангүй ярилцлагын маань аль оновчтой зөвийг тунгаан авах гэж байна даа гэж их урамтай дараах зүйлийг ярьжээ.
...Сонгуулийн систем буруу байна. Хүний нэрийг дээрээс тулгадаг буруу. Олон түмэн өөрсдөө нэр дэвшүүлэх хэрэгтэй. Төр засгийн удирдах ажилтнууд олон түмэнд тайлангаа тавихгүй байна. Хэдхэн эрх баригчид бүхнийг шийдвэрлэж, УИХ-ын гишүүд, хуулийн байгууллага цөм тэдний дуулгавартай гүйцэтгэгчид болж хувиржээ. Ард түмнээ үнэлэх ба итгэх хэрэгтэй. Ард түмнийхээ соёлын өвийг зөвөөр уламжлан ашиглах хэрэгтэй. Ардын дууг хориглодог бол маш буруу. Сэхээтэндээ итгэхгүй байна. Худалдааг социалист, социалист бус гэлтгүй хэрэгцээтэй бүх оронтой харилцан ашигтай нөхцөл дээр өргөжүүлэх хэрэгтэй. Хүнд үйлдвэрийг тус орны нөхцөлд тохируулан байгуулах хэрэгтэй. Олон улсын зах зээлд өөрийн гэсэн бүрэлдэхүүнээр байр сууриа эзлэх хэрэгтэй. Улсын аппарат нүсэр байна. Төв хороо, засгийн газрын орон тоо дэндүү их байна. Хувьсгалт намын урьдах түүхийг гоёчлон бичиж байна. Олон хүн баривчлан хэлмэгдүүлэн, сүм дугана зэрэг соёлын өвийг эвдэлсэн. Д.Дамба, Самбуу нарт манай эвлэлийн Төв Хорооны ажилтнууд миний сонсоогүй шинэ сонин асуудал ярьж байна. Энэ мэт янз бүрийн санаа бодлыг олон түмэн ярьж байна. Эдгээрийг тунгаан, цаашдийн үйл хэрэгт анхаарч үзүүштэй... гэжээ. (Архивын материалаас) Энэ ярилцлага нь чухамдаа Улс Төрийн Товчооны 1956 оны 12-р сарын 5-ны 413-р тогтоол Дангаасүрэнг нэр заан яллаж өчих мэдүүлэг авч “гэмт хэрэгт” баримт бүрдүүлсэн хэрэг болсон юм.
Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл гарч байгаа тухай уг 413-р тогтоолд заахдаа: үзэл суртлын талаар тогтвор зарчимгүй хүмүүс “намын эсрэг илт яриа өгүүлэл гаргасан байна. Өөрийн орны онцлогийг харгалзахгүйгээр үйлдвэрийг, ялангуяа хүнд үйлдвэр түргэн хөгжүүлнэ гэдэг бол аж ахуйн зөв харьцааг зөрчих аюултай, социалист орнууд хамтран ажиллаж, харилцан туслалцаж байхад хөрөнгөтөн орнуудтай худалдаа хийхийг оролдож байна. Зөвлөлтийн тусламжийг үнэлж баршгүй ач холбогдлыг бууруулж байна. Үндэсний үзэл бол манай нам, ард түмэнд хамгийн аюултай зүйл байсан ба одоо ч байгаа юм. МХЗЭ-ийн Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Н.Дангаасүрэн элдэв үндэсгүй, бэртэгчин яриаг баримтлан, БНМАУ-ын гадаад худалдааны талаар мөн л буруу ташаа санал, үг яриа гаргаж байв.” Н.Дангаасүрэн өөрөө үндэсний үзлийн нөлөөнд гүнзгийгээр автагдан төөрсөн учраас Эвлэлийн Төв Хорооны аппаратын зарим ажилтан нараас зөвлөлийн эсрэг гаргаж байсан ярианд цохилт өгч чадсангүй байна. Улс Төрийн Товчооны тогтоолд цааш тэмдэглэхдээ: Үндэсний үзэдтэн, намын эсрэг бас бус этгээдүүдэд алив дутагдалыг хоол болгон ашиглуулахгүй байх... Хөрөнгөтний гүтгэлэг ухуулгын талаар сонор сэрэмжээ улам дээшлүүлэхийг намын бүх байгууллагад үүрэг болгосугай... гэжээ. Энэхүү тогтоолыг намын бүх байгууллагуудын хаалттай хурлаар хэлэлцүүлсүгэй гэсэн байдаг.
Улс төрийн товчооны энэхүү тогтоолд Д.Дамба (Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга) Ю.Цэдэнбал (сайд нарын зөвлөлийн дарга) Ж.Самбуу (Их хурлын тэргүүлэгчдийн дарга) Б.Ширэндэв, Б.Дамдин, Д.Балжинням, орлогч гишүүн Ц.Дүгэрсүрэн, Б.Жамбалдорж нарын гарын үсэг зурсан байна.
Ж. Төмөрбаатар “МУИС-ийн багш” Ард түмний амьдрал туйлын дорой байна. Ардын хувьсгалын жилүүдэд ялангуяа сүүлийн 10 жилд олигтой амжилт олох нь байтугай хувьсгалын өмнөх үетэй зэрэгцүүлхэд ард түмний эд материал, ахуй байдал доройтсон, ард түмний амьдрал сайжирсаар байна гэж худлаа ухуулдаг, үнэн байдал түүнээс өөр байна. Навч цэцгээ хотондоо мандуулаад, нар сараа гэртээ мандуулж байна, малчид ялны хэдэн мал гэдэг болжээ. 1945 онд сайн малчин гэгдэж шагнал авч байсан мянгат малчдын тал хувь нь албан журмын ноогдлоо дийлэхгүй шоронд орлоо. Хувьсгалын жилд бүтээсэн зүйл бол ажилчин ангитай боллоо гэдэг, гэтэл ажилчин ангийн амьдарлын талаар ямар арга хэмжээ авсан юм бэ? Гэхэд хэлэх юм бага байна. Үнэн хэрэгтээ манайд классик ажилчин анги байгаагүй, албан журмын хөдөлмөрийн хүмүүс л үүнийг бүрдүүлсэн шүү дээ. Сонгууль ихээхэн ёс төдий болж байна. Депутатаа ард түмэн танихгүй мөртлөө дээрээс өгсөн чиглэлийн дагуу нэг хүнийг намын даалгавараар сонгодог. Увс аймгийн Сагиль сумаас сонгогдсон депутат Шошийн Тогтох гэдэг хүн дөрвөн жил хулгай хийж, би дархан эрхтэй депутат хүн гэж байсан, Сантмаргад сумаас сонгогдсон депутат нь юу ч мэдэхгүй хүн одоо Махкомбинатад грушик хийж явна. Депутатууд маань жилд ганц удаа цуглаж Сангийн яамны сайдын илтгэлийг сонсдог байлаа.
Х.Чойбалсан аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга З.Содномцэрэн заримдаа сайн дурын зарчмыг зөрчин ХАА-г түргэн нэгтгэж байна гэж ярьдаг байна. (нэгдэлжүүлэхийг хэлж байна.)
Ингэж ийш тийшээ гуйвж байгаа явдал бол Содномцэрэн улс төрийн талаар тогтворгүй байгааг харуулж байна.
Үндэсний үзэл санааг илэрхийлэгчийн нэг нь үндэсний үзлээр хөөцөлдсөн З.Содномцэрэн бөгөөд тэр нь Х.Чойбалсан дахь Зөвлөлтийн дипломат төлөөлөгчийг хэрцгийгээр доромжлох, зөвлөлтийг гүтгэх зэрэг байдлыг гаргасан байна. Намын Төв Хорооны худалдааны хэлтсийн эрхлэгч Ө.Дорж үндэсний үзэлд автагдсан зөвлөлт улстай байгуулсан манай худалдаа эдийн засгийн харилцааны ашигтай эсэхэд эргэлзэж байна. гэх мэтээр энэ тогтоолд тэр үеийн тэргүүний сэхээтнүүдийн гаргасан санал санаачлагуудыг бут цохиж байсан нь харагдаж байна.
Ш.Бат-Очир “НТИ-ийн” Манайд дутагдал нуудаг, хэлхээсээ айдаг, бэмбэгнэсэн явдал дээр дооргүй байна. Хэрэв дутагдалаа сайн ярилцаж байвал олигтой үр дүн гарах биз. Шүүмжлэлийг чөлөөтэй өрнүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авмаар байна. Хүмүүсийн санал шүүмжлэлийг анхааралтай сонсож буруу зөвийг нь хэлж өгөх нь зүйтэй.
М.Чойжил “МХЗЭ-ийн” Бидэнд үндэсний юм болгох бахархал алга, манайд тийм ийм юм байсан гэж хэлэхээр националист гэж хэлдэг, эх орноо судлахаас өөр үүрэг байхгүй, сургуулийдад эх орны түүхийг заахгүй байна. Эх орны бахархал болох үндэсний зүйлийг орхигдуулж байна. Ардыг дууг хүртэл хориглож байна. Ер нь монголын юм бүхнийг феодалын гэж хэтрүүлэн харах хандлага байна, сэхээтнийг давхарга гээд итгэхгүй байна гэжээ. Тэгсний хариуд НТХ-ны тогтоолд тэмдэглэхдээ: “Үндэсний үзэл бол манай нам ард түмэнд хамгийн аюултай зүйл байсан ба одоо ч байгаа юм... Одоо үед манай дотор гарч байгаа үндэсний үзэлтэй хатуу тэмцэх явдал хурцаар тавигдаж байна. Үндэсний үзлийн үндэс санаа мэдэгдэм сэргэж байгааг харуулсан баримтууд сүүлийн үед нимээд гарах болсоныг УТТ анхааралдаа авах хэрэгтэй” гэжээ.
Сэнгэдорж “УБТС” одоо бид намын түүхийн материал үзэх дээр урьдын ойлголт өөр болж байна. Нэг хүнийг тахин шүтэх асуудлын талаар дөрөвдүгээр бүгд хурлаас шийдвэр гаргасан, энэ талаар тодорхой хариу өгөөгүй учир хүмүүс төөрөлдсөөр байна.
Чимиддамбаа “Үнэн сонин” материал үзэхэд нэг хүнийг шүтэх асуудал дээрээс, НТХ-оос хийгдэж байна. Х.Чойбалсангийн тухай Ю.Цэдэнбалын илтгэл байна. Тэнд буруу зүйл их байна.
Б.Жамсран “НТХ” нэг хүнийг дэндүү их шүтэж байна, Ю.Цэдэнбалгүйгээр шийдэх юм нэг ч алга, НТХ-нд бичээч, цэвэрлэгч авахад хүртэл гарал үүслийн хар, лам, феодал, эсэргүү байж уу гэдгийг гээд гацаадаг.
Гончигсүрэн “НТХ” манай хэвлэлүүд байгаа байдлыг байгаагаар нь бичихгүй гоёчлон магтах тал их байна. Иймээс санаагаа чөлөөтэй үнэнээр нь бичвэл үнэмшилтэй болно.
Лайвуужын Дүгэрсүрэн “НТИ” гадаад яам, дотоод яам хоёрын талаар сонинд бичиж болдоггүй, тийм тусгай эрхтэй байдгыг зогсоох, энэ хоёр яамыг нам улсын хяналтаас гадуур байлгаж байдгаас энд дураараа аашлагчид олон байгааг анхаарах, тусгай дээгүүр эмнэлгийг болиулах, НТХ-аас эхлээд нүсэр орон тоог цөөлөх, машин унадаг дарга нар олширч байгааг зогсоох хэрэгтэй.
Мөн Бирваа, Сүрэнхорлоо, Цэдэн, Лхамжав, Жамц, Шагдар, Ичинхорлоо, Дорж, Базар, Авирмэд, Пунцаг нарын нам төрийн хариуцлагатай ажилтан олон хүмүүс дээрхитэй төсөөтэй санал бодлоо илэрхийлжээ. Эдгээр санал санаачлагуудыг НТХ-ны боловсон хүчний хэлтсийн тасгийн дарга Галсан гуай дээр төвлөрүүлж 1-8 ангилалд хувааж “тэгэхдээ ДЯЯ, ГЯЯ, БХЯ-ны асуудлыг таг нууцлаж” үнэлэлт дүгнэлт хийгээд УТТ-нд оруулахад асуудал бүүр эсэргээр эргэж Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид нь монгол орны хөгжлийн гайхамшигт ололтыг үгүйсгэж, үндсэрхэг, нам засаг, хайрт удирдагч Ю.Цэдэнбалдаа итгэлгүй хандаж байгаа олон зүйл үүнээс ажиглагдаж байна. Иймд энэ жижиг хөрөнгөтний салан задгай байдлыг газар авхуулахгүй тас цохих хэрэгтэй гэж үзжээ. Ингээд Сэхээтний төөрөгдлийн асуудал босгож, шинээр хатуу чанга тогтоолын төслийг намын анхан шатны байгууллагуудын хурлаар оруулан хэлэлцүүлжээ. Тэгэхдээ хурлыг НТХ-ны чиглэл гэсэн уур амьсгалаар далдаас удирдаж зориуд бэлтгүүлсэн хэдэн хүнээр дээрхи санал гаргасан сэхээтнүүдийн эсрэг үг хэлүүлж Дангаасүрэн, Дамдинсүрэн нарын төөрөлдсөн сэхээтнүүдийг авч хаяж, арга хэмжээ авах болжээ. Нэг сонин баримт хэлэхэд Моломжамц дарга Увс аймагт очиж энэ талаар ухуулга хийж явахдаа хөдөөний нэг айлаар орж гэрийн эзэгтэйгээс сэхээтний төөрөгдлийн талаар асуухад нөгөө авгай “манай энүүгээр төөрсөн барьсан хүн амьтан харагдаагүй, ямархуу дээл хувцастай юм бэ?” гэж хариулжээ. Ингээд дээрхи тогтоолын эцэст “сэхээтний эдгээр харш үзэл санаа, үг яриа гарсаны гол шалтгааныг хүний ухамсарт байгаа хуучин нийгмийн үлдэгдэл... үндэсний үзэл ялангуяа жижиг таваарын аж ахуй, жижиг хөрөнгөтний урсгал хүч зонхилж байгаа үед тун их амь бөхтэй байдлыг, эдгээрийг манайд дайсагнагч империалист лагераас... янз бүрийн арга замаар хийж байгаа цадиггүй ухуулга тэжээж, сэргээдэг гэсэн марксист үндэслэлийг мартсанаар, намын үзэл суртал, ухуулга дайчин давшигч шинжгүй харш үзэл суртал, санаанд цаг тухайд нь “зохих цохилт өгөөгүй”, намаас тус орныг хөгжүүлэх ирээдүйн төлөвийн талаар тавьж байгаа практик зорилго, онолын асуудлыг дутагдалтайгаар тайлбарлан таниулснаас зарим сэхээтэн хөгжлийн бэрхшээлүүдийг даван туулах арга замыг ойлгох чадваргүй байсан гэж тайлбарлажээ. Тогтоол долоон заалттай бөгөөд нэгдүгээрт: намын эсрэг эдгээр үзэл санаа, үг өгүүллийг эрс буруушаахын хамт намын зарим байгууллагын гишүүдээс сэхээтний санаа бодлыг илрүүлэхэд шийдвэртэй цохилт өгөхгүй эвлэрэн сууж байсныг намын дүрмийн шаардлагад тохирохгүй эвлэрэшгүй зүйл гэж үзжээ.